Monday, August 31, 2015

Бурхан ганц л байдаг

Мэнд амор. 

Ойрд ажил ихтэй блог дээрээ сууж амжихгүй юм. За тэр ч яахав, би саяхан нэг ном уншлаа л даа. Юу вэ гэхээр зохиолч Б.Сарантуяагийн "Сорхугтани" романыг шүүрс алдан байж 3 хоногийн дотор уншиж дууслаа. Яахав мэдээж бодит түүх учраас энд тэндээс уншиж байсан олон баримт сэлтүүд уншиж байх үед дахин дахин тааралдаж байсан. Хамгийн гол нь энэ хүн Сорхугтани хатныг амьдарч байх үеийн Монголын түүхийг маш гоё эмхтгэж уран зохиолын хэлээр найруулан бичсэнийг нь унших тэр мэдрэмж яг л амттай дарс шимэх лугаа таашаалтай байлаа. Худлаа худлаа би дарс энэ тэр гэж маягладаггүй юмаа, юу ч гэмээрийн цалин картанд дөнгөж орох үеийн тэр мэдрэмж шиг л сайхан байсан хохо. Монгол хүн бүр түүхээ сайн мэддэг байх ёстой, Монгол хүний цорын ганц орлуулашгүй баялаг бол тэр газар доор байгаа алт эрдэнэс биш харин бидний өвөг дээдсийн үлдээсэн газар шороо, эх түүх, соёл юм шүү дээ. 

За за баахан юм нуршчихлаа, би зүгээр энэ номноос нэг гоё хэсгийг бичмээр санагдсан юмаа. Юу вэ гэхээр "Бурхан ганц л байдаг, түүнд хүрэх зам нь харин олон бий" гэж бичсэн байсан санагдаж байна. Юутай үнэн, юутай агуу үг вэ? Бидний дээр, магадгүй бидний оюун санаанд бурхан ганц л бий. Бид харин түүнрүү очих замаа өөр өөрсдөө сонгодог. Тухайлбал Христ, Будда, Бөө, Лал гэх мэт замаар. Бидний эх эзэн Чингис хаан маань магадгүй үүнийг мэддэг байсан учир шашин шүтлэгийн ялгаа гаргалгүй хүн бүрт өөрийн шашинаа шүтэх эрхийг нь олгосноор, олон янзын шашин шүтлэг, зан заншилтай ард иргэдийн итгэлийг олж өөртөө нэгтгэсэн буйзаа. 

Монголын түүх үнэхээр бахархамаар, зүгээр ганцхан өгүүлбэр уншихад л цаана нь маш олон зүйл нуугдаж байдаг...



Энэ ном маш их таалагдсан тул өөр зөндөө зүйл бичмээр л байна. Даанч энэ номноос эшлэх хуулиар хориотой. Сарантуяа аниад алгадуулах байх :))

Thursday, August 27, 2015

Эээ киноооо, ёстой кино юмаа

Монголд сайн зохиолтой, сайн хийсэн кинонууд ерөөсөө хол явахгүй юм. Тэгсгээл театраас буучихна. Харин массыг хамарсан, зохиол гээд байх олигтой юмгүй, дуучин, загвар өмсөгч, бүжигчин, боксчин, бөх гэх мэт хаа хамаагүй хүмүүс холиод маркетингаар бөмбөгдчихсөн кинонууд нь овоо ашиг олох юмаа. Үзсэний дараа дахиж үзэх сонирхол огт төрөхгүй, хүнд наалдахгүй цэвэр ашгийн төлөө хийсэн ийм кинонууд л Монголд хүчтэй юм, хүмүүс ч дуртай юм. Нэг бодлын зохиол найруулга гэхээс илүүтэйгээр маркетинг нь киногоо үүрч яваад байгаа ч юм шиг. Зарим киног үзээд яг л урдны танилтайгаа гудманд дахин тааралдаж байгаа мэт сэтгэгдэл төрдөг. Зах зухаас нь яръя л даа. 

Хүн бүрийн дуртай "Зүрхээр наадагч" кино. Яалтчгүй театр дүүрэн байсан шүү. Орлого ч их олсон, хийц сайн, өнөөгийн жүжигчдийн өнгийг тодорхойлсон манай шилдэг жүжигчид тоглосон кино. АНУ-ын Heartbreakers киног санагдуулам. Яг таг дуурайсан гэж хэлэхгүй ч яалтчгүй үзэхээр хэзээ ч билээ хаана ч билээ харсан, таньдаг байсан ч юм шиг хүнтэйгээ гудманд таарах шиг мэдрэмж төрнө. 



Мөн "Гоёлын даашинз" кино. Тухайн үед үзчихээд яасан хөөрхөн кино вэ гээд бодож байтал удалгүй зурагтаар "Love don't cost a thing" кино гарав аа. Би бүр амаа ангайгаад иймхэн зүйлүүдийг өөрчлөөд бүхэл бүтэн Монгол хувилбарыг нь хийчихлээ гэж үү л гэж бодсон. Гэхдээ муу кино гэхгүй ээ, хөөрхөн л киношд :P




Ингээд бодохоор массыг хамраад байгаа, ашиг орлогоор тэргүүлэгч манай зарим кинонуудын зохиол, найруулгыг бичихдээ зохиолч маань үүрийн гэгээ ортол, үсээ цайтал суудаггүй нь л лавтай. Харин жинхэнэ бор зүрхээрээ нүдээ аниж, чихээ бөглөж байгаад хэнийг ч дуурайхгүй, хэнээс ч хулгай хийхгүйгээр гайгүй сайн зохиол бичиж кино хийсэн уран бүтээлчдийн маань бүтээл театраас бараг л амбаардуулаад шахуу бууж байгаад миний бие харамсаад харамсаад барахгүйнээ!!!

Эхлэл

Хэдхэн жилийн өмнө, магадгүй олон жилийн өмнө ч юмуу хүн бүр л блог хөтлөж өөрийнхөө үзэл бодол, сонирходог зүйлийн талаар бичиж, тэрнийгээ бусадтай хуваалцдаг байлаа. Би ч бас бусад хүмүүсийн л адил блогтоо идэвхитэй бичиж, шинэ соргог зүйлийг бусад блогчидоос мэдэж авдаг байлаа. Харин нэг л өдөр Монголчууд Фэесбүүкрүү тахал мэт шууран орсоноор блог байтугай интернэтд байдаг бараг бүхий л зүйл эзгүйрч хаалга нь онгорхой үлдсэн юм. Хэхэ би ч бас дагаал блогоо хаясан даа. Хүн ямар нэг хоббитой байх ёстой гэж би өөртөө өдөр бүр хэлж, юм юмруу зүтгэж тэмүүлсэн хүү байлаа. Магадгүй тэр хүсэлдээ хөтлөгдөөд өнөөдөр Маркетер хэмээх бодож сэтгэж, шинийг эрэлхийлэхгүй л бол амархан зэвэрдэг мэргэжлийг сонгосон биз. Аливаа юм эхлэлтэй бас төгсгөлтэй байдаг учраас блогийнхоо анхны постыг "Эхлэл" хэмээн нэрийдье. Харин төгсгөлийн талаар одоо ярих цаг нь биш болов уу. Намайг Ариунбаяр гэдэг, зарим хүмүүс Vinsa гэдэг нэрээр мэдэх байх. Би мөрөөдөх дуртай, бодох дуртай, хийж бүтээж, шинийг санаачлах дуртай нэгэн. Сар гарангийн өмнөөс л дахиад блог ажлуулах хүсэл маань төрж, өнөөдөр блогийнхоо анхны постыг хийж байгаадаа маш их баяртай байна. Загварыг нь өөрийн гараар эвдэж, өөрчлөх гээд жаахан хугацаа алдчихлаа. Блогийг маань хүн уншихгүй байсан ч хамаагүй, өөртөө зориулан бичиж байсан ч хамаагүй энэхүү блог минь миний оюун санаан дахь миний гэр, миний 3 өрөө байр юм :P

Тэгэхээр 3 өрөө байрандаа юу юу бичих вэ гэхээр би багаасаа л ном унших дуртай хүүхэд байсан. Одоо ч гэсэн уншсаар л байна. Гэхдээ би яагаад үргэлж уншина гэж? Би ч гэсэн зохиол бичихийг хүсэж байна. Магадгүй анхны уншигчид маань миний блогийн уншигчид байх боловуу хэмээн найдаж байна. Мөн кино урлаг, уншсан номны сэтгэгдэл, залуу хүний хүсэл мөрөөдөл, зорилго юунд оршдог талаар энэхүү блогтоо чадан ядан бичих болно. 


Хүндэтгэсэн
Урианхай овогт Х.Ариунбаяр

Жиргээ

Яг одоо цаг агаар